“Харлаад” 10 жил болсон хүн ногоон карт авах боломж байдаг

(Архив) АНУ-д урт удаан хугацаагаар хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд цагаачлалын шүүхээс АНУ-д оршин суух, улмаар ногоон карт авахөөр өргөдөл гаргахыг зөвшөөрөх тохиолдол байдаг байна.

Албадан гаргах шийдвэр хүлээн аваад буй хууль бус цагаач нь хэрвээ тус улсад 10-ааш доошгүй жил оршин суусан, ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, улмаар албадан гаргасан нөхцөлд тухайн хүний ойрын төрөл садных нь амьдралд ноцтой нөлөөлөхөөр байгаа зэрэг үндэслэлээ нотолж чадвал албадан гаргах шийдвэрийг цуцлуулах өргөдөл гаргах эрхтэй байдаг ажээ. Ойр дотны садан төрөл гэдэгт тухайн хүний эцэг эх, эхнэр, нөхөр, 21-ээс доош насны хүүхдүүд багтах ба эдгээр хүмүүс нь АНУ-ын иргэн буюу эсвэл байнгын оршин суух статус бүхий хүмүүс байх ёстой ажээ.

Жишээ нь, хэн нэг нь хилээр алхаад ороод ирсэн, эсхүл визний хугацаа дуусгаад цагаачлалын албанд мэдэгдэлгүй 10 жил болсон , улмаар АНУ-ын иргэнтэй гэрлэсэн, эсвэл АНУ-д хүүхэд төрүүлсэн бөгөөд ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, тухайн хүнийг албадан гаргаснаар түүний гэр бүлийн амьдралд хүндээр тусахаар байгаа нь нотлогдвол цагаачлалын шүүхээс тухайн хүнийг АНУ-д амьдрахыг зөвшөөрч болдог байна.

Энд зарим тодруулга хийхэд 10 жилийн хугацааг “тасралтгүй” гэж тодотгосон байх агаад хэн нэг нь АНУ-д урьд нь хэдэн жил амьдарч байгаад тус улсаас гарч, 90-ээс 180 хоногийн дотор буцаж орж ирэн хууль бусаар амьдарч эхэлсэн бол энэ нь “тасралтгүй 10 жил амьдарсан байх” гэсэн шаардлагад нөлөөлөхгүй ажээ.

Нөгөө талаар “садан төрлийн амьдралд ноцтойгоох нөлөөлөхуйц нөхцөл үүсэх” гэдэгт хэн нэгэн гэр бүлээ орхиж явахад үүсдэг энгийн шалтгаан буюу бие биенээ санаж бэтгэрэх гэдгээс илүү ноцтой шалтгаан байхыг шаарддаг байна. Үүнд тухайн хүнийг албадан гаргаснаар үлдэж байгаа хүмүүс тэжээгчээ алдах, тухайн хүний асрамжид байсан хэн нэгнийг харж асрах хүн байхгүй болох гэх мэт шалтгаан байж болох юм байна.

Эцэст нь тухайн хүн хэрэг зөрчилд холбогдож байгаагүйгээс гадна нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, олон нийтийн байгууллага, сүм хийдэд явж заншсан гэх мэт нийгмийн “томоотой, онц” гишүүн болж төлөвшсөн байх ёстой гэнэ.

Digiprove sealCopyright secured by Digiprove © 2017 GreenCard Mongolia