АНУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ УРИАЛАН ДУУДАЖ БАЙНА (Архив)

АНУ-ын засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад цагаачлалын эрх олгох замаар эдийн засгийг сэргээх, улмаар хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх талаар нилээн өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл гаргажээ.

АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба (USCIS)- ны дарга Alejandro Mayorkas, Дотоод Хэргийн сайд Janet Napolitano нарын санаачлагаар эдгээр шинэлэг ажлууд хэрэгжих болж байгаа гэнэ.

“АНУ шинэлэг санаа зорилготой хувийн бизнес эрхлэгдчийг мөн нарийн ур чадвартай ажилчдыг өөрийн орондоо найр тавин угтаж авдаг урт хугацааны түүхтэй үндэстэн билээ. Тэдгээр хөрөнгө оруулагчид шинэ ажлын байр бий болгож, шинэ техник технологи нэвтрүүлснээр манай эдийн засгийн хүчирхэг тэтгэгч хүч болох учиртай,” хэмээн Mayorkas өөрийн блогтоо өгүүлсэн байна.
Мөн тэрээр “Өнөөдөр би Дотоод Хэргийн Сайд Janet Napolitano-тай уулзаж, өндөр ур чадвар бүхий мэргэшсэн гадаадын цагаачдад АНУ-д бизнес эрхлэх нөхцлийг нь хялбарчилж өгөх замаар ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээх, улмаар хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх тухай хэд хэдэн цуврал бодлого зорилтыг хэрэгжүүлэхээр санал нэгдээд байна” гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Иргэншил Цагаачлалын Алба (USCIS)- аас дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлсөн байна:

Хэрэв хөрөнгө оруулагч нь одоогийн үйлчилж буй цагаачлылн шалгуур үзүүлэлтийг хангаж буй нөхцөлд хөрөнгө оруулагчдад зориулан олгодог EB-2 цагаачлалын виз олгох, мөн тэдгээрийн эрхлэх бизнес нь АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхолд нийцэж буй нөхцөлд National Interested Waiver (Ямар нэгэн ажлын байр санал болгох шаардлаггүй гэсэн үг. Орч) статусыг олгох;
Улс дамнасан компаниудын гүйцэтгэх захирал, менежерүүдэд зориулсан Premium Processing Service буюу цагаачлалын өргөдлийг тусгай шугамаар шуурхай шийдвэрлэх үйлчилгээний хамрах цар хүрээг өргөтгөх
Хувийн бизнес эрхэлдэг ба тухайн бизнестээ зөвхөн өөрөө /ганцаараа/ ажилладаг бол ажил олгогч-ажилчин /өөрөө өөртөө ажлын байр бий болгогч/ гэсэн хууль ёсны статусыг эдлэх, улмаар цагаачлалын бус H-1B виз авах эрх үүсэх;
Цагаач хөрөнгө оруулагчдад олгодог EB-5 ангиллын хамрах хүрээг өргөтгөх
Хувийн бизнес эрхлэгчид болон компаниудийн санал сэтгэгдэл, шинэ санал санаачлагыг авах “engagement opportunities” хэмээх санаачлагыг өрнүүлэх ба Цагаачлалын Албанаас цаашид авч хэрэгжүүлэх бодлого зорилгыг тодорхойлоход эдгээр санал санаачлагыг харгалзаж үзэх юм байна. Хувийн бизнес эрхлэгчид, шинэ тутам байгуулагдаж байгаа бизнесүүд болон компани үүсгэн байгуулах зэрэг үйл ажиллагааг хөнгөвчлөхөд эдгээр санал санаачлага үр нөлөөгөө өгнө гэж тооцож байгаа ажээ.

“АНУ эдийн засгийн өсөлтийг хангаж, Америкчуудад улам олон ажлын байр бий болгохын тулд дэлхийн хамгийн авъяаслаг, хамгийн өндөр ур чадвартай хүмүүсийг уриалан дуудах ёстой. Улмаар өнөөдрийн гаргаж буй эдгээр шийдвэр нь одоогийн хэрэгжиж буй цагаачлалын хууль тогтоомжуудад ч бас нөөц бололцоо их байгаа гэдгийг Америкчуудад сануулсан хэрэг боллоо” хэмээн Napolitano илтгэлдээ дурьджээ.