H-1B виз

ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Тусгай мэргэшлээр ажилладаг гадаадын иргэдэд олгодог H-1B виз нь ажиллах эрх бүхий АНУ-д түр оршин суух виз бөгөөд ихэвчлэн 3 жилээр оршин суух эрхтэй байдаг байна. Тухайн визийн хугацааг дахин сунгаж болох боловч тухайн визийн ангиллаар АНУ-д түр оршин суух хугацаа нь 6 жилээс илүүгүй байдаг ажээ.

H-1B визийг олгох тоог Конгресоос зааж өгсөн байдаг ба жилд нийт 65,000 хүнд H-1B виз олгох хязгаартай байдаг ажээ. H-1B виз бүхий хүний гэр бүл буюу хүүхдүүд H-14 гэсэн ангиллын визээр АНУ-д түр оршин суух боломжтой байдаг байна.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Энэ виз авахаар өргөдөл гаргагчид дараах үндсэн шаардлагуудыг тавьдаг байна. үүнд:
– Баклавар болон түүнээс дээш зэрэгтэй байх. Мөн өөрийн эзэмшсэн мэргэжлээр ажилласан 3 жил бүрийг дээд сургуулийн нэг жилтэй дүйцүүлж тооцож болдог бол их дээд сургууль төгссөн эрдмийн зэрэг цолгүй ч ажилласан жил хангалттай бол энэ шаардлагад нийцэж болдог ажээ.
– Мэргэжил: Мэргэжил гэдэг нь ерөнхийдөө 3 жилийн сургалтаар олж авсан Баклаврын зэргийн мэргэжил бөгөөд энэ визэнд өргөдөл гаргах эрх бүхий тусгай мэргэшилд инженер, математик, бизнес болон технологийн бүх салбарын мэргэжлүүд хамаардаг байна. Өөрөөр хэлбэл таны эзэмшсэн мэргэшлийн ажлыг зөвхөн Баклаврын зэргийн боловсролтой хүн гүйцэтгэдэг байх хэмжээний нарийн мэргэжил шаардсан ажил байх ёстой ажээ.

– Цалин: H-1B визээр АНУ-д оршин суух хүн АНУ-ын аль нэгэн байгууллагад үндсэн ажилтнаар ажиллаж, тогтмол цалингаар цалинжиж байх ёстой гэх мэт үндсэн шаардлага тавьдаг байна. Өөрөөр хэлбэл та энэ визэнд өргөдөл гаргахаас өмнө өөрийн ажил олгогчийг олж, харилцаа тогтоосон байх, үүний дараа тухайн ажил олгогч таныг ажилд авах тодорхойлолт гаргаж визийн өргөдөлд хавсаргах ёстой юм.

H-1B визэнд өргөдөл гаргахын тулд эхний ээлжинд АНУ дахь ажил олгогч “Form I-129, Petition for a Nonimmigrant Worker” гэсэн маягтаар өргөдөл гаргах бөгөөд “I-129” өргөдлийг АНУ-ын Цагаачлалын Алба баталсан нөхцөлд визийн өргөдөл гаргагч оршин суугаа улсын АНУ-ын ЭСЯ-нд визийн өргөдөл гаргах ёстой юм. Визийн өргөдөл гаргах үйл явц бусад цагаачлалын бус визийн өргөдөл гаргах журамтай адил байна.