Public charge гэж юу вэ?

Гишүүдийн хүсэлтээр “Улсын тэтгэмж авах ямар эрсдэлтэй вэ?” цуврал ярилцлагын 2 дахь дугаарыг дахин хүргэж байна. Энэ ярилцлагыг АНУ-ын цагаачлал Иргэншлийн албаны ажилтантай утсаар хийсэн ба нэгэнт утсаар ярилцлага авч буй тул хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх эрхгүй хэмээн ярилцлага өгөхөөс татгалзаж байсан юм.

Гэвч бид тухайн хүний нэрийг нийтлэхгүй, мөн энэ ярилцлага хууль эрх зүйн зөвлөгөө болохгүй, зөвхөн уншигчдад ерөнхий мэдээллийн чанартай хүрэх учиртайг хэлж ойлгуулсны эцэст тухайн хүний нэрийг нийтлэхгүй гэсэн тохироотой товч ярилцлага өгсөн юм. Тиймээс ярилцаж буй хүний нэрийг “Immigration officer” буюу “ЦА” гэж товчилж байгаа болно. Мөн GreenCardMongolia-г GCM гэж товчлов

GCM: Манай монголчуудын ихэд сонирхож байгаа асуултуудын нэг нь улсын юм уу холбооны засгийн газраас тэтгэлэг авах визний ангилал солих, ногоон карт авахаар өргөдөл гаргахад хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуулт байгаа юм?
ЦА – Ерөнхийдөө таны юу асууж байгааг би сайн ойлгож байна. Энэ тухай ярихад нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй болдог юм. Цагаачлалын албад болон төрийн албадуудад “Public Charge” гэсэн үзүүлэлт байдаг. Юуны өмнө “Public Charge” гэдэг нэр томъёоны талаар товч тайлбар хийе. 1999 оны Цагаачлалын албаны журамд анх “Public Charge” хэмээх томъёоллыг нэвтрүүлж, үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн байдаг ба энэ томъёоллын гол утга санаа нь ногоон карт авахаар юм уу АНУ-ын хилээр дахин орох өргөдөл гаргагч визээр зорчигч хүмүүс засгийн газраас үзүүлдэг бэлэн мөнгөний тэтгэлэг удаан хугацаагаар авсан, авч байгаа, эвсэл бусад төрлийн тэтгэлэгт хэт дулдуйддаг, цаашид ч энэ хэвээр үргэлжлэх үндэслэлтэй гэдэг нь тогтоогдвол тухайн хүнийг “Public Charge” гэсэн ангилалд оруулж, улмаар тухайн хүний өргөдлийг татгалзах үндэслэл болдог.
Энэ нь хар үгээр хэлбэл улсаас хэт хараат амьдардаг иргэн гэж орчуулж болох юм. Хэрэв тухайн иргэнийг энэ ангилалд байна гэж үзвэл улсын хилээр оруулахгүй байх, ногоон карт олгохгүй байх үндэслэл болдог. Гэхдээ үүнийг тодорхойлохын тулд маш олон хүчин зүйлийг харгалзаж үзэх ёстой болдог, нас хүйс, эрүүл мэндийн байдал, хөрөгнө чинээ, боловсрол, ур чадвар гэх мэтчилэн.

GCM: Жишээ нь ямар төрлийн тэтгэлэг авбал “Public charge”-д ангилалд орох эрсдэлтэй байж болох вэ?
ЦА: Товчхондоо бэлэн мөнгөөр олгож буй бүх тэтгэлэг, улмаар засгийн газрын тэтгэлгийг урт удаан хугацаагаар амьдрах эх үүсвэр болгож байгаа хүмүүс энэ ангилалд орох магадлалтай юм. Жишээ нь:
– “Supplemental Security Income” (SSI),
– ”Temporary Assistance for Needy Families” (TANF) хөтөлбөрийн хүрээнд олгодог бэлэн мөнгөний тэтгэлэг,
– Тухайн хүний, өрхийн байнгын орлогыг нөхөх үүднээс мужаас, дүүрэг, хотоос олгодог бэлэн мөнгөний тэтгэлэгүүд багтдаг ба эдгээрийг ерөнхийд нь “General Assistance” гэж нэрийддэг юм.
– Мөн өргөдөл гаргагч Medicaid гэх мэт тэтгэлгээр удаан хугацаагаар асрамжийн үйлчилгээ авсан бол мөн “Public charge”-д багтах үндэслэл болдог. Асрамжийн үйлчилгээ гэдэг нь асрамжийн төвүүдэд болон сэтгэцийн эрүүл мэндийн байгуулагуудад удаан хугацаагаар амьдрах тохиолдлыг хэлж байгаа болно. Тиймээс богино хугацаагаар асрамжийн үйлчилгээ авсан бол “Public charge”-д орохгүй гэж ойлгож болно.
Гэхдээ эдгээр тэтгэмжийг авсан, авч буй бүх хүн “Public charge” ангилалд автоматаар ордог гэж ойлгож болохгүй. Үүнийг тодорхойлохдоо өргөдөл гаргагч тус бүрээр хэргийг нарийвчлан хянах ба олон хүчин зүйлсийг харгалзаж үзэж байж эцсийн шийд гаргадаг гэж ойлгож болно.

GCM: Бэлэн мөнгөөр бус тэтгэлэг авч буй хүмүүс тэгвэл санаа зовох зүйл байхгүй гэж ойлгож болох уу?
ЦА – Богино хариулт “Тийм”. Гэхдээ зарим тэтгэлэгт урт удаан хугацаагаар дулдуйдах, буюу тэр тэтгэлэг нь тухайн хүний амьжиргааны эх үүсвэр болж байна (institutionalization for long-term care) гэж үзвэл бэлэн бус тэтгэлэг ч энэ ангилалд оруулах магадлал бий гэж ойлгоход буруудахгүй. Үүнд дээр дурьдсан “Medicaid”-ээр асрамжийн үйлчилгээг удаан хугацаагаар авах жишээ байж болно.

GCM: Бэлэн бус тэтэгэлэг буюу “Public Charge”-д орох эрсдэлгүй тэтгэлэгүүдийн талаар тодорхой жишээ хэлж болох уу?
ЦА. Ерөнхийдөө бэлэн бусаар олгож буй тэтгэлгүүд, тусгай зориулалтаар (тухайн хүний юм уу өрхийн орлогыг нөхөх зориулталтаар бус) олгогдож буй богино хугацаааны мөнгөн тэтгэлэг “Public charge” ангилалд хамрааруулдаггүй. Жишээ нь:
– Medicaid гэх мэт төрөл бүрийн эрүүл мэндийн даатгал (урт удаан хугацаагаар асрамжийн үйлчилгээ аваагүй бол),
– “Children’s Health Insurance Program” (CHIP),
– “Food Stamps”,
– “Special Supplemental Nutrition Program for Women”,
– “Infants and Children” (WIC)
– “National School Lunch and School Breakfast Program” гэх мэт хөтөлбөрүүд,
– “Housing grant”,” Section 8” гэх мэт төрөл бүрийн орон байрны тэтгэлэг (Housing benefits),
– “Low Income Home Energy Assistance Program” (LIHEAP) гэх мэт цахилгаан дулааны тэтгэлэг,
– Боловсролын тэтгэлэг,үүнд “Head Start Act”-ийн хүрээнд олгогддог тэтгэлэг, бага, дунд, ахлах, дээд сургуулийн тэтгэлэг зэргийг нэрлэж болно.
Эдгээрийн зарим нь, тухайлбал цахилгаан дулааны тэтгэлэг бэлэн мөнгөөр байж болох ба эдгээр нь түр зуурын яаралтай тусламж буюу тухайн өрхийн орлогыг нөхөх зориулалтаар олгодоггүй тул “Public Charge” –д орох үндэслэл болдоггүй юм.

GCM: Энэ “Public charge” хэмээх ойлголт бүх хүмүүст хамаардаг уу?
ЦА – Үгүй. Жишээ нь “asylum” буюу дүрвэгсэд болон “U “ төрлийн визтэй хүмүүст хамаарахгүй. Мөн АНУ-ын иргэн болох өргөдөл гаргахад энэ үзүүлэлтийг харгалзаж үздэггүй. Өөр үгээр хэлбэл ногоон карттай хүн ямар ч төрлийн тэтгэлэг хууль журмын дагуу авч байсан бол АНУ-ын иргэн болоход нөлөөлөхгүй гэсэн үг.

GCM: Тэгвэл “Public charge” хэмээх үзүүлэлтийг ямар хүнд, хэзээ голчлон харгалзаж үздэг вэ?
ЦА: Ерөнхийдөө хилээр буцаж орох гэж буй АНУ-ын байнгын оршин суугч бус хүмүүс буюу визээр ирж буй хүмүүст, эсвэл АНУ-д байгаа, байнгын оршин суух статус буюу ногоон карт авахаар өргөдөл гаргаж буй иргэдэд хамаардаг ойлголт юм. Тухайн хүмүүсийн өргөдлийг хянан шалгах явцад дээрх үзүүлэлтүүдийг харгалзаж үздэг.

GCM: Та жишээ нь ямар нөхцөлд буй, ямар хүмүүс, ямар тусламж тэтгэлэг авбал ”Public charge” ангилалд орох шууд эрсдэлтэй байдаг талаар жишээ хэлж болох уу? Өргөдөл гаргагчийг “Public charge” ангилалд шууд оруулдаг нийтлэг “жор” байна уу?
ЦА: Дахиад хэлье. Үүнийг яг тийм тийм тэтгэлэг гэж шууд бэлэн жор хэлэхэд учир дутагдалтай юм. Учир нь цагаачлалын албаны ажилчид тухайн хүний бүхий л амьдралын хүчин зүйлсийг харгалзаж үзэж байж тухайн хүний авч байгаа, урьд авч байсан тэтгэмж тэтгэлэг “Public charge” –д орох эсэхийг шийддэг юм.

GCM: Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Та өнөөдрийн ярилцлагыг товч дүгнэж хэлнэ үү?
ЦА: Товчилж хэлвэл бэлэн мөнгөөр авч буй тэтгэлэг болон урт удаан хугацаагаар авч буй асрамжийн үйлчилгээнүүд тухайн өргөдөл гаргагчийг засгийн газраас хараат амьдардаг гэж үзэхэд хүргэж “Public charge” гэсэн ангилалд оруулж болзошгүй ба энэ ангилалд орсон нөхцөлд визээр хил нэвтрэх гэж буй хүмүүс, эсвэл байнгын оршин суугч (ногоон карт) авахаар өргөдөл гаргаж буй хүмүүсийн өргөдлийг татгалзах үндэслэл болдог.
Харин мөнгөн бус тэтгэлэг, тухайлбал “Medicaid”, “Section 8” гэх мэт тэтгэлгүүд гадаадын иргэдийг “Public charge” ангилалд оруулах үндэслэл болдоггүй.
Мөн АНУ-ын байнгын оршин суугч иргэд буюу ногоон карттай иргэдэд “Public charge” гэсэн үзүүлэлт хамаардаггүй юм.

GCM: Яарилцлага өгсөн танд нийт уншигчдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
ЦА: Бид ч та бүхэнтэй ярилцсанд таатай байна, бидний өгсөн товч ярилцлага та бүхэнд бага ч атугай тус хүргэнэ гэдэгт итгэж байна.

Ярилцсан Б.Төгөлдөр