АНУ ногоон карт олгох цагаачдын тоог хумих бодлого яригдаж эхэлжээ

АНУ-н Конгрес дахь Бүгд Найрамдахчуудын санал санаачлагаар тус орны цагаачлалын талаар барих үндсэн бодлогыг эрс өөрчлөх хуулийн төсөл боловсруулж байна.

2007 онд Ерөнхийлөгч асан Ж.Бушийн санаачилсан ч Конгресийн дэмжлэг авч чадаагүй унасан цагаачлалын шинэтгэлийн хуультай нэн төстэй энэ хуулийн гол үндсэн үзэл санаа нь АНУ-д цагаачлалын статустай буюу ногоон карт авч ирэх иргэдийн тоог эрс цөөрүүлэх, цагаачлалын өргөдөл гаргагч гадаад иргэдийг Англи хэлний болон ажил мэргэжил, ур чадвараар нь өрсөлдүүлж, АНУ-н эдийн засагт хувь нэмэр оруулах чадвартай, цагаачлах болзол хангасан гадаадын иргэдэд ногоон карт түлхүү олгодог болгох явдал юм.
Улмаар энэ хуулийн үзэл санааг дэмжиж байгаагаа өнөөдөр АНУ-н Ерөнхийлөгч Доналд албан илэрхийлээд байна.
Өөрөөр хэлбэл энэ нь одоогийн Канад болон Австрали мэтийн орнуудад хэрэгждэг “Merit-based” цагаачлалын тогтолцоонд шилжих тухай асуудал юм. Дашрамд дурьдахад энэ тогтолцоогоор цагаачлалын өргөдөл гаргагчдийн боловсрол, Англи хэлний мэдлэг, ажил мэргэжил, санхүүгийн чадвар, ажил олох, хөдөлмөрлөх чадвар зэрэг үзүүлэлтүүдээр оноо тогтоож, хамгийн өндөр оноо авсан өргөдөл гаргагчдад байнгын оршин суух эрх олгодог билээ.
Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй цагаачлалын бодлогын хүрээнд АНУ-н иргэн болон ногоон карттай иргэдийн гэр бүлийн гишүүд, ногоон карт хожсон иргэдэд Англи хэлний болон ажил мэргэжлийн нарийн шаардлага тавьдаггүй бөгөөд жилд 1 сая орчим гадаадын иргэдэд ногоон карт олгодог тооцоо бийэ. Тэгвэл дээр дурьдсан хууль батлагдвал энэ тоо даруй тэн хагасаар багасна гэж ажиглагчид үзэж байгаа ажээ. 
Тиймээс АНУ-н цагаачлалын хууль журамд орох өөрчлөлтийг манай сайт анхааралтай ажиглаж байгаа бөгөөд АНУ-н Конгресийн түвшинд байдал хэрхэн өрнөхөөс хамааарч энэ жилийн бүртгэлийн бодлого журмыг боловсруулж зарлах болно.
GreenCardMongolia.com
АНУ, Вашингтон ДС хот