Ногоон карт сугалаанд бүртгүүлсэн хүмүүст АНУ-ын түр виз татгалздаг уу?

АНУ-н Төрийн Департментаас гаргасан албан тайлбарт ногоон карт сугалаанд бүртгүүлэх нь цагаачлах хүсэлт гаргасан гэх үндэслэл болохгүй бөгөөд эдгээр хүмүүс өөр төрлийн виз хүсэх боломж нээлттэй гэж заасан бий. Тиймээс ч дэлхийн ихэнх улс оронд буй АНУ-н ЭСЯ-ны консул цагаачлалын бус виз хүсэгчийг урьд нь ногоон карт сугалаанд бүртгүүлж байсан эсэхийг шалгадаггүй, асуудаггүй учиртай.
Нөгөөтэйгүүр цагаачлалын эрх зүйн хэлэнд “immigrant intent” буюу цагаачлах оролдлого гэсэн ойлголт байдаг бөгөөд цагаачлалын бус виз хүссэн хүмүүсийн хүсэлтийг татгалзсан шалтгааны дийлэнх хувийг энэ үндэслэл (214b) эзэлж байдаг ажээ.
Тиймээс ч АНУ-н төрийн Департментаас гаргасан албан ёсны удирдамжид “…Every alien shall be presumed to be an immigrant until he establishes to the satisfaction of the consular officer, at the time of application for admission, that he is entitled to a nonimmigrant status…” – буюу “…өргөдөл гаргагч нь консулын ажилтанд цагаачлах зорилгогүггүй гэдэг үндэслэлээ нотлох хүртэл цагаачлалын бус виз хүсэгч хүн бүрийг цагаачлахаар эрмэлзэж буй гэж таамаглана… “ гэсэн тодорхойлолт байдаг.
Эндээс үзвэл цагаачлалын бус виз хүсэгч визийн ярилцлагад орно гэдэг нь АНУ-д цагаачлах эрмэлзэлгүй гэдгээ нотлохоор очиж буй хэрэг бөгөөд харамсалтай нь энэ үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэх маш олон шалтгааныг консулын ажилтан гаргаж болно, хөрөнгө чинээ, ажил төрөл, гэр бүлийн байдал, аялалын зорилго чиглэл, консулын ажилтанд үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэх, хамаатан төрлийн хүн нь визийн хугацаанд буцаж ирээгүй гэх мэт цааш үргэлжилнэ. Эдгээрийн нэгд ногоон карт сугалаанд оролцох нь цагаачлах эрмэлзлээ илэрхийлсэн нэг хэлбэр гэж үзэн цагаачлалын бус виз татгалзсан тохиолдол байдгийг бид сураг сонсч байсан, энэ тухай нотлох болон үгүйсгэх аргаггүй. Гадаадад буй АНУ-н консулын ажилтан “immigrant intent” гэдэг ойлголтыг өөр өөрийнхөөр ойлгож хэрэглэх эрхтэй байдаг нь ганц Монголд ч биш бусад улс орны иргэдийн дунд ч  гомдол санал дагуулдаг гол шалтгаан байдаг нь нууц биш юм.
Харин ногоон карт сугалаанд бүртгүүлэх нь нь тухайн хүн гарын үсэг зурж баталгаажуулдаг цагаачлалын өргөдөл биш тул цагаачлах орорлдлого гэсэн хүчин төгөлдөр үндэслэл болдоггүй, энэ талаар цагаачлалын хуульчид санал нийлдэг. Өөрөөр хэлбэл ногоон карт хожиж цагаачлалын визийн өргөдөл гаргасан үед л тухайн хүн АНУ-д цагаачлах хүсэлт гаргасан гэж үзэх албан ёсны хүчин төгөлдөр үндэслэл болдог байна.
Энэ мэдэгдэл нь ногоон карт сугалаанд бүртгүүлэхийг ятгасан уриалга биш бөгөөд олон жилийн турш байнга ирдэг асуулт тул бодит хариулт өгөхийг хичээлээ. Ногоон Карт сугалаанд оролцох эсэх нь зөвхөн хүн таны өөрийн сонголт болно.
Дашрамд өгүүлэхэд манай сайтын гишүүд АНУ-д цагаачлалын бус визээр түр ирж буцах тохиолдол нийтлэг бөгөөд өнөөг хүртэл дээрх шалтгаанаар виз татгалзсан тохиолдол гараагүй байна. Хэрэв та манай сайтын гишүүн бөгөөд АНУ-д түр хугацаагаар зорчих визийн ярилцлагад орохоор төлөвлөж байгаа бол бидэнтэй холбогдож зөвлөгөө авна уу.

GreenCardMongolia