АНУ-н Цагаачлалын Алба АНУ-д орогнох эрх (цаашид Asylum гэх) өргөдлүүдийн хянан шийдвэрлэх шинэ журам боловсруулан ажиллаж эхлээд байна.
Шинэ журмын дагуу 2018 оны 01 сарын 31-с эхлэн Asylum-ийн шинэ өргөдлүүдийг хүлээгдэж буй хуучин өргөдлүүдээс түрүүлж ярилцлагад дуудаж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Доналт Трампийн засаг захиргаанаас цагаачлалын талаар хэрэгжүүлж буй бодлого журмуудын дотор Asylum өргөдлийн хянан шийдвэрлэх явцад үүсдэг хуулийн цоорхойг ашиглаж удаан хугацаагаар АНУ-д ямар нэгэн цагаачлалын статусгүй оршин суух явдлыг багасгах чиглэл орж байгаа билээ. Тиймээс цагаачлалын албанд сүүлийн 5 жилд асар ихээр хурамтлагдах болсон Asylum өргөдлүүдээс дараах хэргүүдийн тэргүүн эгнээнд тавьж даруй шийдвэрлэхээр болжээ. Эдгээрт
- Урьд нь ярилцлагад дуудсан боловч өргөдөл гаргачийн хүсэлтээр юм уу цагаачлалын албаны зүгээс шалтгаалан ярилцлагын товыг өөрчилсөн;
- Шинээр өргөдөл гаргасан, 21 хоног хүрээгүй өргөдлүүд;
- Бусад шинэ тутам ирүүлсэн өргөдлүүдийг шинээс нь хуучин өргөдлүүд рүү ухрааж ярилцлагад дуудаж байгаа юм.
Мөн Цагаачлалын Албанаас гаргадаг байсан ‘ Affirmative Asylum Bulletin’ цувралыг цаашид гаргахгүй болжээ.
Өнөөгийн байдлаар цагаачлалын Албанд хянах шийдвэрлэх шатанд буй 311,000 орчим өргөдөл хүлээгдэж байдаг бөгөөд сүүлийн 5 жилд Asylum өргөдлийн дараалал 1750 хувь өссөн тооцоо гарчээ. Харин шинэ Asylum өргөдлийн тоо 3 дахин өссөн байна.
Үүний өмнө хэрэгжиж байсан цагаачлалын журмаар Asylum өргөдлүүдийг хүлээн авмагц тухайн өргөдөл гаргагчид түр ажиллах эрх олгодог нь нэгэн төрлийн хуулийн цоорхой гэж үзэж байгаа юм. Нэгэнт цагаачлалын Алба хамгийн эхэнд ирсэн өргөдлүүдийг эхэлж шийдэх зарчмаар ажиллаж байсан тул хожим өргөдөл гаргагчдийн өргөдөл олон сар жилээр дараалалд ордог нь гадны иргэд АНУ-д цагаачлалын ямар нэгэн статусгүй ч ажиллах эрхтэй хугацаа хожих боломж олгож байгааг өнөөгийн эрх баригчид шүүмжилж, улмаар энэ явдлыг таслан зогсоох арга хэмжээ авч эхэлсэн нь энэ юм.