ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Хэвлэл мэдээллийн (I) виз гэдэг нь мэргэжлийн ажлын шугамаар Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацаагаар аялах хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулсан цагаачлалын бус виз юм. Цагаачлалын хуулийн хүрээнд зарим журам, хураамж нь виз мэдүүлэгчийн эх орон энэ талаар ямар бодлого барьж байгаатай харилцан холбоотой байдаг бөгөөд түүнийг “харилцан үйлдэл” гэж нэрлэдэг. Аливаа улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд олгох визний журамандаа тухайн улсын Засгийн газраас Америкийн Нэгдсэн Улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд ямар журам барьдаг эсвэл харилцан адил байгаа эсэхийг харгалздаг.
Тавигдах шаардлагууд
АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу хэвлэл мэдээллийн виз авахын тулд виз мэдүүлэгчид тодорхой шалгуур хангасан байх ёстой. Хэвлэл мэдээллийн (I) виз авахын тулд виз мэдүүлэгч тухайн виз олгох шалгуурыг бүрэн хангасан гэдгээ нотлох ёстой.
Хэвлэл мэдээллийн виз нь “гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд” зориулагдсан бөгөөд үүнд АНУ руу өөрийн мэргэжлийн дагуу зорчиж буй хэвлэл, радио, киноны салбарын төлөөлөгчид, мөн сурвалжлагч, киноны баг, редактор болон бусад төстэй ажил эрхэлдэг хүмүүс ордог. Виз мэдүүлэгч өөрийн нутагт ажлын байртай бөгөөд мэргэжлийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд оролцож байх ёстой. Хэвлэл мэдээллийн визний шалгуур хангахын тулд ажлын зорилго нь мэдээ сурвалжлага цуглуулах, болж буй үйл явдлыг сурвалжлах зэрэг чухал мэдээллийн чанартай байх ёстой. Тухайн аяллын зорилго нь хэвлэл мэдээллийн визэнд тохирч байгаа эсэхийг Консул шийдвэрлэнэ. Спортын сурвалжлага нь хэвлэл мэдээллийн визэнд орно. Хэвлэл мэдээллийн визийг дараах аяллын зорилготой хүмүүс мэдүүлж болох ба үүгээр хязгаарлагдахгүй.
– Мэдээ эсвэл баримтат киноны зураг авах мэдээллийн албаны ажилчид
– Киноны зураг авалт, сурталчилгаа хийж байгаа хэвлэл мэдээллийнхэн тус авсан зураг, материал нь зөвхөн мэдээ, мэдээлэл түгээх зорилготой тохиолдолд хэвлэл мэдээллийн виз олгогдоно. Мөн АНУ-аас бус санхүүжилтийн эх үүсвэртэй байх ёстой.
– Гэрээт сэтгүүлчид. Мэргэжлийн сэтгүүлчдийн байгуулагаас олгосон эрхтэй гэрээгээр ажиллах хүмүүс бөгөөд тухайн авсан зураг, материалыг худалдаа, зар сурталчилгааны бус зорилгоор түгээх мэдээ мэдээлэлд ашиглах зорилготой байх. Ажил олгогчтой байгуулсан хүчин төгөлдөр гэрээ шаардагдахыг анхаарна уу.
– Мэргэжлийн сэтгүүлчдийн байгууллагаас олгосон эрхтэй, бие даасан уран бүтээлийн компаний ажилчид
– АНУ-ын хэвлэл мэдээллийн сүлжээ, байгууллагын гадаад дахь салбар эсвэл охин компанид ажиллаж буй сэтгүүлчид АНУ-д болж буй үйл явдлыг зөвхөн гадаадын үзэгчдэд зориулж сурвалжлахаар зорчиход
– А-2 визний ангилалд хамрагдахгүй, тухайн орны аялал жуулчлалын бодит мэдээллийг тараах, түгээх ажилд оролцдог, тухайн орны Засгийн газрын бүрэн эсвэл хагас эзэмшлийн, эсвэл Засгийн газраас дэмжлэг авдаг аялал жуулчлалын байгууллагын албан ёсны төлөөлөгчид.
– Техник, аж үйлдвэрийн мэдээлэл. Байгууллагынхаа АНУ дах салбарт ажиллаж техник, аж үйлдвэрийн мэдээлэл түгээдэг ажилтнууд
– Чөлөөт сэтгүүлчид зөвхөн дараах шаардлагыг хангасан тохиолдолд I визний шалгуур хангаж болно. Сэтгүүлч нь:
– Мэргэжлийн сэтгүүлчдийн байгууллагаас олгосон эрхтэй байх ёстой
– Хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээтэй байх
– Худалдааны эсвэл зар сурталчилгааны чанартай бус мэдээ, мэдээлэл түгээх.
– Зурагчид Америкийн Нэгдсэн Улсаас орлого олох зорилогогүйгээр зураг авахаар зорчих бол B-1 визээр нэвтэрч болно.
Хязгаарлалтууд
Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдах орны иргэд Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацаагаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн хувьд нэвтрэхийн тулд хэвлэл мэдээллийн виз авах ёстой. Тэд Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд визгүй эсвэл жуулчны (B ангиллын) визээр зорчих боломжгүй. Ингэх оролдлого хийвэл хилийн боомт дээр АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Яамны Гааль, Хил Хамгаалах Албаны ажилтан таныг АНУ руу нэвтрүүлэхгүй болно. Доорх жагсаалтанд жуулчлны виз эсвэл Визгүй Зорчих Хөтөлбөрийг хэрэглэж болох тохиолдолуудыг тайлбарласан байгаа.
Жуулчны визээр зорчих
Жуулчны виз нь дараах зорилгоор зорчиж байгаа үед ашиглагдаж болно:
Хурал, уулзалтанд оролцох
АНУ-д хурал, уулзалтанд оролцох, мөн тухайн уулзалтын талаар АНУ-д ч эх орондоо ч сурвалжлага хийж цацахгүй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид жуулчлалын визээр зорчиж болно.
Сургуульд урилгаар хичээл заах, лекц унших
Хэвлэл мэдээллийн төлөөлөгч нь АНУ-ын холбогдох ашгийн бус байгууллага, ашгийн бус судалгааны байгууллага, засгийн газрын судалгааны байгууллага, өргөмжлөл авах их, дээд сургууль, боловсролын байгууллагад урилгаар хичээл заах, лекц унших зэрэг боловсролын ажилд оролцох бол жуулчны виз авах ёстой. Гэхдээ хичээл заах ажил нь нэг байгуулагад ес хоногоос хэтрэхгүй байх ёстой бөгөөд сүүлийн зургаан сард ийм үйл ажиллагаа эрхлэхдээ таваас илүү байгууллагаас төлбөр аваагүй байх ёсгүй.
Хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж авах
Хэвлэл мэдээллийн ажилтан АНУ-аас хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж, нийтлэх эрх худалдан авах эсвэл хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж, нийтлэх эрхийн захиалга өгөх зорилготой бол энэ нь энгийн бизнес зорчигчдын үйл ажиллагаанд хамаарах учираас жуулчны визээр зорчиж болно.
Амралт
Хэвлэл мэдээллийн ажилтан мэдээлэл, сурвалжлага хийхгүй тохиолдолд АНУ руу амралтаар зорчихдоо хэвлэл мэдээллийн виз биш жуулчны виз ашиглаж болно.
Түр хугацааны ажлын визээр зорчих
Зарим үйл ажиллагаа мэдээллийн, мэдээ цуглуулах шинж чанартай болохоор хэвлэл мэдээллийн визэнд харьяалагдахаар боловч харьалагдахгүй олон тохиолдол байдаг. Визний мэдүүлэг болгон тухайн агуулгаасаа хамаарч шийдэгддэг. Консул виз мэдүүлэгч хэвлэл мэдээллийн визэнд тохирох эсэхийг шийдэхийн тулд аялалын зорилго зөвхөн мэдээллийн шинж чанартай эсэх, мэдээ цуглуулахтай холбоотой эсэхийг анхаарч үздэг. Доор үзүүлсэн жагсаалтанд сэтгүүлч/хэвлэл мэдээлийн I визний оронд түр хугацааны ажилтны H, O эсвэл P виз авах шаардлагатай тохиолдлуудыг тайлбарласан байгаа.
Түр хугацааны ажлын виз нь дараах зорилгоор зорчих тохиолдолд хэрэглэж болно:
– Худалдааны болон сурталчилгааны зорилгоор зураг авах
– Худалдааны болон сурталчилгааны зорилготой зураг авах, эсвэл кинонд тоглох зорилгоор АНУ руу зорчих бол виз мэдүүлэгч хэвлэл мэдээллийн виз ашиглаж болохгүй. Түр хугацааны ажлын виз авах шаардлагатай.
– Хянагч, номын санч, тайз засалч гэх зэрэг уран бүтээлийн туслах ажилтнууд
– Хянагч, номын санч, тайз засалч гэх зэрэг туслах ажил эрхэлдэг хүмүүс хэвлэл мэдээллийн визэнд тохирохгүй бөгөөд H, O эсвэл P визний ангилалд хамрагдаж болно.
– Телевизийн хөтөлбөрүүд Телевизийн реалити шоу, хөгжөөнт нэвтрүүлгүүд зэрэг урьдчилан зохиосон, найруулсан нэвтрүүлгүүд ерөнхийдөө мэдээллийн чанартай бус, сэтгүүлчийн ажил тэр болгон оролцдоггүй. Мөн үйл явдлыг дахин амьдруулж жүжигчид тоглуулсан баримтат кинонууд мэдээллийн бус гэж тооцогддог. Эдгээр уран бүтээл дээр ажилласан багийн гишүүд хэвлэл мэдээллийн визэнд хамаарахгүй. Телевиз, радио, киноны компаниуд тухайн төсөлтэй холбоотой тусгай зөвлөгөө өгөх хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшсэн цагаачлалын өмгөөлөгчөөс мэргэжлийн зөвлөгөө авч болно.
Жүжигчилсэн хэвлэл мэдээлэлийн уран бүтээл
АНУ руу жүжигчилсэн хэвлэл мэдээллийн уран бүтээл (жүжигчид оролцсон) хийхээр зорчих хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хэвлэл мэдээллийн визний ангилалд хамрагдахгүй. Телевиз, радио, киноны компаниуд тухайн төсөлтэй холбоотой тусгай зөвлөгөө өгөх хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшсэн цагаачлалын өмгөөлөгчөөс мэргэжлийн зөвлөгөө авч болно.
Гэр бүлийн гишүүд
Виз эзэмшигчийг Америкийн Нэгдсэн Улс руу дагалдаж явах эхнэр/нөхөр эсвэл 21 нас хүрээгүй гэрлээгүй хүүхдүүд I виз авах ёстой. Гэр бүлийн гишүүд Америкийн Нэгдсэн Улсад виз эзэмшигчтэй хамт оршин суух зорилгогүй, зөвхөн амралтын журмаар зорчих тохиолдолд жуулчлалын (B-2) виз мэдүүлж болно.
Таны эхнэр/нөхөр, гэр бүлийн бусад гишүүд I визээр Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаандаа ажил хийх эрхгүй. Хэрэв таны эхнэр/нөхөр/хүүхдүүд ажил хийхийг хүсч байвал ажлын виз авах ёстой.
Виз мэдүүлэхэд бүрдүүлэх зүйлс
I виз мэдүүлэхийн тулд та дараах зүйлсийг мэдүүлэх ёстой:
– Цагаачлалын бус визний цахим маягт (DS-160). DS-160 маягтын тухай нэмэлт мэдээллийг DS-160 webpage руу орж авна уу.
– АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
– Нэг (1) хувь 2″x2″ (5cмx5cм) зураг. Энэ вэб хуудаснаас цээж зурганд тавигдах шаардлагыг үзнэ үү.
– Цагаачлалын бус визний мэдүүлгийн буцаан олгогдохдохгүй $160 ам.долларын хураамжийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлсөн баримт. Энэ вэб хуудаснаас тус хураамжийг хэрхэн төлөх талаар уншина уу. Виз олгогдсон тохиолдолд таны харьяаллаас хамаарч та виз олгосны нэмэлт хураамж төлөх шаардлагатай байж болно (Монгол улсын иргэдэд хамаарахгүй). Төрийн Департаментын вэб хуудаснаас та виз олгосны хураамж төлөх ёстой орнууд болон хураамжны талаар мэдээлэл авч болно.
Ажил эрхлэлтийн баталгаа:
Сэтгүүлч: Таны ажил олгогчоос таны нэр, компани доторх албан тушаал, АНУ руу зорчих зорилго, хугацааг тодорхой бичсэн захиа.
Хэвлэл мэдээллийн байгуулагатай гэрээтэй чөлөөт сэтгүүлч: Таны нэр, компани доторх албан тушаал, гэрээний хугацаа, АНУ руу зорчих зорилго, хугацааг тодорхой заасан хэвлэл мэдээллийн байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар.
Киноны Баг: Таны ажил олгогчоос таны нэр, компани доторх албан тушаал, зураг авалтын нэр, товч тайлбар, АНУ руу зорчих зорилго, хугацааг тодорхой бичсэн захиа.
Хэвлэл Мэдээллийн байгууллагатай гэрээтэй чөлөөт уран бүтээлийн компани: Ажил захиалагч байгууллагаас таны нэр, зураг авалтын нэр, товч тайлбар, гэрээний хугацаа, АНУ-д зураг авахад шаардлагатай хугацаа тодорхой бичсэн захиа.
Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.
Хэрхэн виз мэдүүлэх
1-р алхам
Визний мэдүүлгийн хураамж төлнө үү.
2-р алхам
Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөнө үү.
3-р алхам
Энэ вэб хуудас руу орж Ярилцлагын цагаа товлоно уу. Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:
– Таны паспортын дугаар
– Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
– DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар
4-р алхам
Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.
Бичиг баримтууд
Нэмэлт бичиг баримт нь ярилцлагын үеэр Консулын харгалзаж үзэх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Консул визний шийдвэр гаргахдаа мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжил, нийгэм, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцон үздэг. Консул таны тодорхой зорилго, гэр бүлийн байдал болон эх орондоо буцаж ирээд юу хийх тухай хэтийн төлөвлөгөөг тань харж болно. Визний мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг.
Анхааруулга: Хуурамч бичиг баримт бүү бүрдүүлээрэй. Залилан эсвэл хуурамч мэдээлэл мэдүүлсэн тохиолдолд виз олгохыг бүрмөсөн татгалзах болно. Хэрэв мэдээлэл нууцлахыг хүсч байвал АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ирэхдээ бичиг баримтаа битүүмжилсэн дугтуйнд хийж авчирч болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс уг мэдээллийг хэнд ч задлахгүй бөгөөд мэдэллийн нууцлалыг чандлах болно.
Ярилцлаганд ирэхдээ та дараах бичиг баримтуудыг авчрах ёстой. Бичиг баримтын эх хувь хэзээд давууд тооцогддог учраас ярилцлаганд эх хувиа авчрах ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс рүү аливаа бичиг баримтаа факс, и-мейл эсвэл шуудангаар илгээж болохгүй.
– Хэвлэл мэдээлийн ажилтаны нэрийн хуудас/үнэмлэх
– Таны ажил олгогчоос таны аяллын зорилго, байх хугацаа, одоогийн ажил олгогчтой ажилласан жил, сэтгүүлчийн ажил эрхэлсэн жилийг тодорхойлсон захиа.
Гэр бүлийн гишүүд
Хэрэв таны эхнэр/нөхөр эсвэл хүүхэд визээ хожим мэдүүлэх бол визний мэдүүлгийн хамт таны хэвлэл мэдээллийн визний хуулбарыг үзүүлэх ёстой.