“АНУ-н Засгийн Газраас жил бүр “Diversity Immigrant Visa” Хөтөлбөр буюу бидний нэрлэж заншсанаар Ногоон Карт сугалаа явуулж жил тутам дэлхийн улс орнуудаас нийт 50,000 хүнд ногоон Карт олгодог билээ.”
Жил бүр явагддаг Diversity Visa Program буюу бидний нэрлэж заншсан Ногоон карт сугалаанд оролцох, улмаар сугалаа хожиж цагаачлалын визээр АНУ-д ирэх үйл явц нь багаггүй цаг хугацаа шаардсан, дэс дараалсан хариуцлагатай алхмууд шаарддаг. Тиймээс ч ногоон карт сугалаа 2 жилээр урьтаж явдаг учиртай. Тухайлбал энэ жил Ногоон Карт-2020 сугалаа явагдах бөгөөд энэ сугалаанд хожсон хүмүүс цагаачлалын визээ авч 2020 оны эхээр АНУ-д ирэх боломж бүрдэх юм.
Ногоон карт сугалаанд оролцож, азтанаар тодорсон хүн цагаачлалын визээ авч АНУ-ын хилээр орж ирэх хүртэлх цуврал үйл явцыг дараах 4 үе шатад хувааж үзэж болох юм. Эдгээрт:
1. Сугалаанд оролцох
Юуны өмнө Ногоон карт сугалааг АНУ-ын Засгийн газраас шууд гардан зохион байгуулж явуулдгийг дурьдах хэрэгтэй. Сугалааны бүртгэл эрхэлдэг мэргэжлийн олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг ба эдгээр компаниуд АНУ-д Legal and Professional Service гэсэан ангилалд багтаж, тодорхой зөвшөөрлийн дор үйл ажиллагаа эрхэлдэг байна. Тэд жил бүрийн бүртгэл явуулах хугацааг өөрсдийн үйл ажиллагааны цар хүрээ, харилцагчийн тоог харгалзан өөрсдийн дотоод журмаар шийдэж болдог.
Ногоон карт сугалаанд амжилттай бүртгэгдсэн хүн бүрт АНУ-ын Засгийн Газраас Confirmation Number-ийг олгодог ба энэ дугаарыг хувь хүн, компани олгох боломжгүй юм.
Ногоон карт сугалаанд амжилттай бүртгүүлж, Confirmation Number хүлээж авсан хүмүүс сугалааны хариу хүлээх ба Ногоон Карт сугалаа дараа жилийнх нь 5 сард албан ёсоор дүнгээ зарладаг. Өөрөөр хэлбэл бүртгүүлсэн хүмүүс 6 сарын дараа сугалааны дүнг мэдэх боломжтой.
2. Сугалаа хожсон хүмүүс Цагаачлалын визийн өргөдөл гаргах
АНУ-н Засгийн Газраас эрхэлдэг Ногоон Карт сугалааны гол зорилго нь АНУ-д төлөөлөл багатай улс орны 50 000 хүнд ногоон карт олгох явдал билээ. Тиймээс ногоон карт сугалаагаар 50 000 хүнд цагаачлах эрх олгох зорилтоо бүрэн хэрэгжүүлэх үүднээс тухайн тооноос 2 дахин их буюу жилд ойролцоогоор 100,000- 120,000 орчим хүнийг азтанаар тодруулдаг байна.
Улмаар тэдгээр сонгогдсон хүмүүсээс шаардсан материал өргөдлийн маягтуудыг шаардлагын дагуу цаг тухайд нь бүрэн ирүүлсэн хүмүүст цагаачлалын визийн ярилцлагын цаг олгож эхэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл бүртгүүлсэн хүн сугалаа хожих нь тухайн хүн шууд Ногоон карт авна гэсэн хэрэг хараахан биш юм. Харин сугалаанд оролцогч хожсоноо мэдсэн даруйд Цагаачлалын виз авахаар өргөдөл гаргах эрх нээгдэж буй гэж ойлгох нь зөв юм.
Өргөдөл гаргах алхамд тодорхой хугацаа заадаггүй. Ногоон Карт сугалаагаар хожсон хүмүүст цагаачлалын виз олгох ажил дараа жилийнх нь 09 сарын 30-аар дуусгавар болдог ба АНУ-ын Төрийн Департментаас гаргасан албан тайлбарт энэ хуагцааг дуусах хүртэл өргөдөл гаргах боломжтой гэж заасан буй. Гэтэл жилд сугалаагаар олгох визийн тоо хязгаартай буюу зөвхөн 50 000 байх тул энэ алхмыг цаг алдалгүй гүйцэтгэх нь хамгаас чухалд тооцогддог.
3. Цагаачлалын визийн ярилцлагад орох тов хүлээж авах
2013 онд цагаачлалын виз мэдүүлэх шинэ онлайн системд шилжсэнээр цагаачлалын визийн мэдүүлэг шалгаж боловсруулах ажил маш шуурхай болсон. Тиймээс жил бүрийн 10 сараас эхлэн тухайн жилд ногоон карт хожиж, Цагаачлалын виз авах өргөдлөө цаг тухайд нь шаардлагын дагуу ирүүлсэн хүмүүст АНУ-ын Төрийн Департментаас зөвхөн имэйлээр холбогдож Цагаачлалын визийн ярилцлагад орох товыг илгээж эхэлнэ. Улмаар тухайн хүний мэдээллийг ярилцлагад оролцогчийн оршин сууж буй орон дахь АНУ-н ЭСЯ-д илгээсэн байна.
Ярилцлагад орох тов хүлээх явцад бичиг баримтаа бүрдүүлэх, орчуулга хийлгэх, эмнэлгийн үзлэгт орох гэх мэт бэлтгэл хангах шаардлагатай. Өргөдөл гаргагч нарт ярилцлагын тов илгээх ажил сугалааны дүн гарсан жилийн дараа жилийн 08 сар хүртэл үргэлжилдэг.
4. Визийн ярилцлагад орох
АНУ-ын Төрийн Департментаас имэйлээр илгээсэн товын дагуу сугалааанд оролцогч нь тухайн оршин суугаа орон дахь АНУ-ын ЭСЯ-нд өөрийн биеэр, гэр бүлтэй бол гэр бүлийн бүх гишүүдийн хамт очиж визийн ярилцлагад ордог.
Цагаачлалын визийн ярилцлагын үеэр тухайн хүн анх ногоон карт сугалаанд оруулахдаа мэдүүлсэн мэдээллээ нотлох ба төгссөн сургууль, төрсний гэрчилгээ, ажлын туршлага, гэр бүлийн байдал зэрэг мэдээллүүдийг эх бичиг баримт, албан орчуулгын хамт үзүүлж нотлох хэрэгтэй болно. Анх ногоон карт сугалааны мэдүүлэгт мэдүүлсэн мэдээллээ үнэн зөв тодорхойлсон бол сугалаа хожигч болон түүний гэр бүлийн хүн болон хүүхдүүд АНУ-н цагаачлалын визээ гардаж авдаг. Энэ ажил сугалаа хожсон жилийн 10 сараас дараа жилийн 8 сар хүртэл үргэлжлэх ба визийн ярилцлагад оролцогч цагаачлалын визээ гардаж авснаас 6 сарын дотор АНУ-д ирэх ёстой болдог байна.
Дээрх мэдээллээс дүгнэж үзэхэд ногоон карт сугалаанд оролцож, сугалаа хожин цагаачлалын виз авах нь тухайн хүний азаас гадна дараалсан алхмуудыг цаг тухайд нь бүрэн зөв гүйцэтгэх хариуцлагатай байхаас гадна тодорхой хэмжээний Англи хэлний мэдлэг шаардлагатай болдог. Хүн азаар ногоон карт хожсон ч ямар нэгэн шалтгаанаар хожлоо баталгаажуулж чадахгүй тохиолдол элбэг байдаг ажээ. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж 50 000 хүнд ногоон карт олгохын тулд 120 000 орчим хүнийг азтанаар тодруулдаг тухай дээр дурьдсан буй.
Сугалаа хожсон хүмүүс хожлоо баталгаажуулж чадахгүй байх олон шалтгаан байж болох ба эдгээрт Confirmation Number-аа мартаж үрэгдүүлэх, улмаар сугалаа хожсоноо мэдэхгүй өнгөрөх, сугалаа хожсон эсэхээ шалгаж чадахгүй байх, ногоон карт сугалаа хожсоны дараах бүрдүүлж явуулах бичиг баримт, өргөдлийн маягтуудыг буруу, эсвэл хугацаа хожимдуулж явуулах, эсвэл огт явуулаагүй байх, цагаачлалын визийн ярилцлагын товыг авч чадахгүй байх, мартах, анх сугалаанд бүртгүүлэхэд оруулсан мэдээллээ мартах, улмаар цагаачлалын визийн ярилцлагын үеэр буруу ташаа мэдээлэл өгөх гэх мэт нийтлэг алдаанууд байж болно.