Асуулт хариулт

Асуулт: Ногоон Карт сугалааг хаасан гэж үнэн үү?

Хариулт: Энэ мэдээлэл ташаа мэдээлэл. Хэдийгээр Ерөнхийлөгч Трампийн Засаг захиргаа Ногоон Карт сугалааг хүчингүй болгох саналтай байгаа ч үүнийг гүйцэтгэхийн тулд цагаачлалын хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл Конгресоос АНУ-ын Цагаачлалын цогц хууль (Section 203(c) of the Immigration and Nationality Act (INA) )-ийг шинэчилж баталсан цагт л Ногоон карт сугалааг хасах, эсвэл цааш үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэх боломжтой бөгөөд хэрхэн шийдвэрлэх нь Конгрес дахь улс төрийн хүчний харьцаанаас хамаарах юм. 

2018 оны 11 сард АНУ-ын Конгресийн завсрын сонгууль явагдах тул түүнээс өмнө томоохон  хуулиуд, тухайлбал хэдэн арван жил дамнан яригдаж буй цагаачлалын хуулийг хэлэлцэж батлахгүй нь тодорхой болоод байгаа билээ. Гэтэл Ногоон карт сугалааг явуулах хуулийн хугацаа 11 сараас өмнө байгаа тул энэ жилийн Ногоон Карт-2020 сугалааны бүртгэл хуваарийн дагуу явагдана. 

Асуулт: Ажлын H-2 ангилын виз гэж юу вэ?

Хариулт: Энэ төрлийн визийн дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД үзнэ үү. 

Асуулт: АНУ-д ажиллах H-2A/B төрлийн ажлын виз Япон Солонгост  гэрээт ажилчин гаргадгаас юугаар ялгаатай вэ?

Хариулт: Үндсэн ялгаа нь хоёр улсын Засгийн газын түвшинд АНУ-д ажилчин гаргах гэрээ, зохион байгуулалт байдаггүй. Өөрөөр хэлбэл тухайн ажил хайгч иргэн өөрийн эх сурвалжаар ажил олгогч олж, улмаар тухайн ажил олгогч компани тухайн хүнд ажлын виз олгох ажлыг хариуцаж гүйцэтгэдэг. 

Асуулт: H-2A/B төрлийн ажлын виз авах зуучлах үйлчилгээ заавал хэрэгтэй юу?

Хариулт: Үгүй. Хэрэв ажил хайгч өөрийн эх сурвалжаар ажил олгогч компани хайх, олох боломжгүй бол хувь хүн болон компаниар зуучлуулах үйлчилгээ авч болох юм. Зуучлуулах компани, хувь хүнийг сонгох үед тухайн зуучлагчийн туршлага, үйл ажиллагааны найдвартай байдлыг харгалзаж үзэхийг зөвлөж байна. Сошиал медиа (Facebook г.м)  хуудсаар явж буй бүртгэлийн хуудас зэргийг бөглөж хувийн мэдээллээ оруулахдаа онц болгоомжтой байх шаардлагатай.

Асуулт: Танай компани АНУ-н ЭСЯ юм уу Засгийн газрын байгууллагатай холбоотой ажилладаг уу?

Хариулт: Үгүй.

Асуулт: АНУ-д цагаачлахад өөрийн иргэншлээс татгалздаг уу?

Хариулт: Үгүй! энэ нь хүмүүсийн дунд түгээмэл байдаг маш буруу ойлголт юм.
АНУ-д цагаачилж ногоон карт эзэмшиж буй хүний иргэншил хэвээр байна. Харин тухайн хүнийг АНУ-д хугацаагүй/ байнга оршин суух, ажиллах, суралцах эрхийг Ногоон картаар шийтгэн олгож буй хэрэг юм. Жишээ нь Монгол улсын иргэн АНУ-н иргэдийн визгүй зорчдог улс орнуудад зорчих үед өөрийн Монголын гадаад паспортыг АНУ-н ногоон картын хамт авч мөн визгүй зорчдог.
Ногоон картыг тухайн хүний 15, 25, 35, 45 насуудад шинэчлэхээр олгодог ба тухайн хүн хүсвэл насаараа ногоон картаар АНУ-д оршин сууж болох ба энэ хугацаанд өөрийн иргэншил хэвээр байна.
Харин ногоон карттай иргэн АНУ-д 5 жил оршин суусны дараа АНУ-н иргэн болохоор өргөдөл гаргах эрх нээгддэг ч энэ шийдвэр нь тухайн хүний хэрэг юм.

Асуулт: Би бүртгэгдсэн эсэхээ яаж мэдэх вэ?

Хариулт: Таны мэдээлэл сугалааны бүртгэлд ормогц бид танд Confirmation Number-ийг явуулах ба энэ нь сугалаанд бүртгэгдсэн гэсэн гол нотлох баримт болно.

Асуулт: Ногоон картны сугалаа зөвхөн гэр бүлтэй хүмүүст хамаатай юу?

Хариулт: Үгүй. 22-оос дээш насны монгол улсын бүх иргэд гэр бүлийн байдал харгалахгүй оролцох эрхтэй. Ийм яриа гарах болсон үндэслэл нь гэр бүлээр бүртгүүлж буй тохиолдолд эхнэр/нөхөр 2 тус тусдаа бүртгэлд орох эрхтэй байдаг тул нэг гэр бүл сугалаанд 2 дахиж орж байгаатай адил ба хожих магадлал төдий чинээ өндөрсөж байгаатай холбоотой.

Асуулт: Ногоон картны сугалаанд оролцоход Англи хэлний мэдлэг шаардлагатай юу?

Хариулт: Үгүй. Сугалаанд оролцож буй хүн нь боловсрол, ажил мэргэжлийн шаардлага хангаж байгаа нөхцөлд хэлний мэдлэг шаарддаггүй.

Асуулт: Солонгос юм уу бусад улс оронд визний хугацаа хэтрүүлэн оршин сууж байсан хүн энэ сугалаанд оролцож болох уу?

Хариулт: Болно. Тухайн хүн АНУ-ын визний зөрчил гаргаж байгаагүй бол бусад улсын визний хугацаа хэтрүүлсэн эсэх нь тус сугалаанд хожиж ногоон карт авахад сөрөг нөлөөлөхгүй. Учир нь тухайн хүн өөр улсын визний хугацаа хэтрүүлсэн нь АНУ-ын хууль журам зөрчсөн хэрэг биш ба улмаар тухайн хүн АНУ-д түр хугацаагаар зорчих бус харин байнга оршин суух эрх олж байгаатай холбоотой.

Асуулт: АНУ-д харласан хүн Ногоон карт сугалаанд оролцож, улмаар хожиж ногоон карт авч болох уу?

Манай сайт АНУ-ын визийн хугацаа хэтрүүлсэн хүмүүст ногоон карт сугалаанд оролцохгүй байхыг зөвлөдөг. Хэдийгээр харласан хүмүүс сугалаанд оролцож улмаар хожиж болох ч сугалаа хожсон нөхцөлд цагаачлалын визэнд өргөдөл гаргахын тулд АНУ-аас гарч өөрийн төрөлх оронд очиж визийн ярилцлагад ор гэсэн шаардлага тавьж байна. Энэ нь тухайн хүнд цагаачлалын виз олгохгүй гэсэн үг юм. Харин сугалаа хожсон хүн АНУ-н иргэнтэй гэрлэсэн бол ногоон карт авах боломжтой.

Асуулт:  Өнгөрсөн жил буюу 2017 онд явагдсан ногоон картны сугалааны дүн гарсан уу?

Хариулт: Тийм. сугалааны дүн энэ оны 05 сарын 01-нд гарсан. 

Асуулт: Сугалаанд хожсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Хариулт: Юуны өмнө өнгөрсөн жил сугалаанд бүртгүүлсэн хүмүүст Confirmation Number байх ёстой. Улмаар ЭНД дарж Confirmation Number, өөрийн овог, төрсөн оноо оруулж шалгана. Мэдээллийг оруулсны дараа, хэрэв та сугалаанд хожсон бол АНУ-ын Цагаачлалын Албаны эмблем бүхий сугалаанд шалгарсан тухай бичиг гарна. Хожоогүй бол “Based on the information provided, the Entry HAS NOT BEEN SELECTED for further processing for the Electronic Diversity Visa program at this time.” гэсэн бичиг гарна.

Асуулт: Би Confirmation Number-аа үрэгдүүлсэн, хаанаас олж болох вэ? Энэ дугааргүй бол сугалаанд хожсон эсэхээ мэдэж болох уу?

Хариулт: Энэ дугаар нь дахин олгогдохгүй, нөхөн авах боломжгүй ба тус дугааргүйгээр хожсон эсэхээ шалгах боломжгүй юм. Харин хэрэв та манай сайтад бүртгэлтэй бол Confirmation Number-аа нөхөж авч болохын зэрэгцээ манай сайтаас гишүүн тус бүрт сугалааны үр дүнг и-мэйлээр мэдэгдэж байгаа болно.

Асуулт: Сугалааны бүртгэлийн журамд шинээр өөрчлөлт орсон уу?

Тийм, Урьд нь и-мэйл хаяг оруулах нь сайн дурын сонголт байсан бол одоо сугалаанд оролцогч и-мэйл хаягаа заавал мэдүүлэхээр болсон. Хэдийгээр та и-мэйл хаяг оруулсан хэдий ч таны сугалаанд хожсон эсэх тухай KCC /Kentucky Consular Center/-ээс ямар нэгэн имэйл илгээхгүй. Зөвхөн өөрийн хувийн и-мэйл-ийг ашиглах ба өөр хүний болон албаны и-мэйл илгээхгүй байх. Эдгээрээс бусад сугалааны журамд өөрчлөлт ороогүй.  Мөн өмнөх жилүүдэд сугалаа хожсон хүмүүст шуудангаар мэдэгдэл ирдэг байсан бол 2010 оноос The Entry Status Check буюу зөвхөн оролцогч өөрөө хожсон эсэхээ шалгах хэрэгтэй босон.

Асуулт: Гэр бүлийн бүх гишүүдийн гарын үсэг, зургийг оруулах шаардлагатай юу, эсвэл зөвхөн өрхийн тэргүүний гарын үсэг, зураг байхад хангалттай юу?

Сугалаа бөглөх үед гарын үсэг шаардахгүй. Өрхийн тэргүүн, гэр бүлийн хүн, 21-ээс доош насны бүх хүүхдийн шинээр авахуулсан фото зураг шаардлагатай. Гэр бүлээрээ /олуулаа/ авахуулсан зураг явуулахгүй ба өрхийн гишүүн тус бүрийн шаардлага хангасан цээж зураг байна. Цээж зурагт тавигдах шаардлагыг ЭНД дарж үзнэ үү.

Асуулт: Яагаад зарим орны иргэд энэ сугалаанд оролцох эрхгүй байдаг вэ?

Энэхүү сугалаа нь АНУ-д олон тооны цагаач иргэд илгээдэг улсуудаас бусад орны иргэдэд АНУ-д цагаачлах боломж олгох зорилготой юм. Хуулийн заалтын дагуу АНУ-д ирж буй цагаачдын тоо өндөртэй орнуудыг тус сугалаанд оролцуулахгүй гэж заасан ба эдгээр орнуудад сүүлийн 5 жилийн дотор Гэр бүлийн болон Ажил олгогчийн батлан даалтаар ирж буй цагаачдын тоо нь 50,000-аас дээш гарсан орнууд багтаж байгаа юм. Жил бүр АНУ-ын Иргэншил Цагаачлалын Албанаас эдгээр орнуудын тоог гаргаж зарладаг болно.

Асуулт: АНУ-д амьдарч байгаа хүмүүс энэ сугалаанд оролцож болох уу?

Болно. Сугаланаанд оролцогч нь АНУ-д юм уу өөр улсад амьдарч байж болох ба сугалааг АНУ-аас болон хилийн чанадаас /аль нэг улсаас/ бөглөсөн байж болно.

Асуулт: Сугалааны хугацаанд нэг хүн зөвхөн нэг удаа бүртгүүлэх үү?

Тийм, Хуулиар нэг хүн жилд зөвхөн нэг удаа бүртгүүлнэ гэж заасан тул 1-ээс дээш удаа бүртгүүлсэн хүн сугалаанаас хасагдана. Төрийн Департментаас сугалаа давхардуулан бөглөж буй хүмүүсийг илрүүлэх маш нарийн технологи ашигладаг ба илэрсэн хүмүүсийг сугалаанаас хасч мэдээллийг Төрийн Департментын мэдээллийн санд хадгалж үлддэг.

Асуулт: Эхнэр нөхөр тус тусдаа сугалаанд оролцож болох уу ?

Болно. Нөхцөл шаардлага хангаж буй эхнэр нөхөр тус тусдаа сугалаанд оролцож болно. Хэн нэг нь сугалаа хожсон нөхцөлд түүний гэр бүлийн хүнд мөн хамаарах буюу сугалаа хожсон хүний гэр бүл дагалдагч статусаар цагаачлалын виз авна. Нэг үгээр хэлвэл 1 гэр бүл сугалаанд 2 удаа оролцож байна гэсэн үг.

Асуулт: Сугалааны маягтад гэр бүлийн ямар гишүүдийг багтааж болох вэ ?

Сугалаанд бүртгүүлэхдээ өөрийн гэр бүлийн хүн /эхнэр юм уу нөхөр/, 21-ээс доош насны гэрлээгүй хүүхдүүд байх ба үүнд АНУ-ын иргэн, эсвэл байнгын оршин суух визтэй хүүхдүүд хамаардаггүй. Хэрэв та гэр бүлээсээ салсан бөгөөд албан ёсны гэрлэлт цуцлуулаагүй бол мөн сугалаанд хамт бүртгүүлж болно. Та 21-ээс доош насны өөрийн бүх хүүхдийг ЗААВАЛ сугалааны бүртгэлд хамруулах ёстой ба үүнд таны өөрийн, дагавар хүүхэд, эсвэл өргөж авсан хүүхдүүд бүгд хамаарах юм. Нөгөө талаар тэдгээр хүүхдүүд таньтай хамт амьдардаггүй, эсвэл таньтай хамт АНУ-д ирэх шаардлаггүй байсан ч таны сугалааны бүртгэлд хамрагдсан байх ёстой. Сугалааны бүртгэлд орсон хүмүүс сугалаа хожсон нөхцөлд заавал АНУ-д ирэх, амьдрах шаардлаггүй юм. Хэрвээ та сугалаанд хожиж цагаачлалын виз мэдүүлэх үедээ сугалаанд бүртгүүлээгүй хүнийг өөрийн хүүхэд, гэр бүлийн хүнээр мэдүүлвэл таны визний хүсэлтийг хүлээн авах боломжгүй болж, таны хожил хүчин төгөлдөр бус болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Асуулт: Би сугалааг заавал өөрийн биеэр бөглөх шаардлагатай юу, сугалааг өөр хүнээр бөглүүлж болох эсэх?

Та сугалаанд өөрөө бэлдэж, өөрөө бөглөж болох ба мөн хэн нэгэн таны өмнөөс бөглөж өгч бас болно. Сугалааг хэн бөглөснөөс эс хамаарч нэг хүн зөвхөн нэг л удаа сугалаанд бүртгүүлэх эрхтэй ба тухайн сугалааг эрхлэн бүртгэж буй этгээд сугалааны мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.

Асуулт: Сугалаанд оролцох хүн ажил мэргэжил, боловсролын ямар шалгуур болзлыг хангасан байх ёстой вэ?

Холбогдох хууль, журмын дагуу сугалаанд оролцогсод наад зах нь бүрэн дунд боловсролтой байх, боловсролын шаардлагыг хангахгүй бол сүүлийн 5 жилийн хугацаанд 2-оос доошгүй жил ажил эрхэлсэн байх ёстой ба тухайн ажил мэргэшлийг доод  тал нь 2 жилийн сургалт юм уу дадлагаар олж авсан байх ёстой. Албан ёсны сургалтаар бүрэн дунд боловсрол олж авсныг нотлох баримтыг визний ярилцлагад орох үед үзүүлэх ёстой. Сугалаанд оролцох шалгуурын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Асуулт: Сугалааг ямар зарчмаар шалгаруулдаг вэ?

KCC /Kentucky Consular Center/-т дэлхийн бүх орноос ирсэн сугалаанд нэг бүрчлэн дугаар олгодог. Сугалаа хүлээн авах хугацаа дууссан дараа жилийн 05 сарын 01-нд компьютерийн тусгай програмаар санамсаргүй сонголт хийх зарчмаар азтаныг тодруулах ба газар зүйн бүс бүрт эрх тэгш хожил өгөх бодлого баримталдаг. Сугалаа хожсон эсэхийг сугалаа хожсон хүмүүст мэдээлэхгүй. Мөн KCC (Kentucky Consular Center)-ээр ямар нэг төлбөр тооцоо урьдчилан хийх , мөнгөн гуйвуулга хийх хүсэлт гаргадаггүй болно.

Асуулт: Сугалаанд хожсон хүмүүс визний ангиллаа солиулахаар Цагаачлалын Албанд хүсэлт гаргаж болох уу?

Болно. АНУ-д оршин сууж буй иргэд сугалаанд хожсон нөхцөлд өөрсдийн визний ангиллаа байнгын оршин суух эрхээр солиулахаар өргөдөл гаргаж болно. Бүх Цагаачлалын виз тухайн жилийн 09 сарын 30-аас өмнө олгогдсон байх ёстой ба энэ өдрөөс өмнө виз авахаар хүсэлтээ гаргаагүй бол сугалааны үр дүн хүчингүй болсонд тооцно.

Асуулт: Сугалаанд хожоогүй хүмүүст энэ талаар мэдэгдэл хүргүүлэх үү?

Сугалаанд оролцсон бүх хүмүүс өөрсдийн Бүртгэлийн дугаарыг ашиглан хожсон эсэхээ сугалааны албан ёсны сайтнаас шалгах болмжтой. АНУ-ын Төрийн Департментаас сугалаанд оролцсон хүмүүст ямар нэг мэдэгдэл илгээдэггүй.

Асуулт: Сугалаагаар нийт хэдэн хүнд цагаачлах эрх олгодог вэ?

Жил бүр Ногоон Картны сугалаагаар 50,000 хүнд цагаачлалын эрх олгодог. Гэвч нийт хожил таарсан 50,000 хүмүүс дотор виз авах шаардлага хангаагүй хүмүүс байх магадлалтай тул ниийт цагаачлалын виз авах хүний тоог 50,000 -д хүргэх үүднээс 120 000 орчим хүнийг шалгаруулдаг. Нөгөө талаар бүх сугалаа хожсон хүмүүст цагаачлалын виз хүртэнэ гэсэн баталгаа бас байхгүй юм. Учир нь эхэлж визний өргөдлөө гаргасан хүмүүсийн тоогоор визний дугаар тарааж, виз олгож эхэлдэг тул хожил авсан даруйдаа материалыг нэн даруй буцааж явуулснаар визнээс хоцрохгүй байх магадлалтай.

Асуулт: Сугалаанд оролцох насны доод хязгаар хэд вэ?

Сугалаанд оролцогч нь 12 жилийн бүрэн дунд сургууль дүүргэсэн бол насны доод хязгаар заахгүй.

Асуулт: Өөр статусаар цагаачлалын виз мэдүүлсэн хүмүүс энэ сугалаанд оролцож болох уу?

Болно. Мөн Ногоон карт сугалаанд бүртгүүлсэн хүн АНУ-ын өөр ангиллын визэнд өргөдөл гаргах боломжтой.

Асуулт: Энэ жилийн сугалаа хэзээ эхлэх вэ?

Энэ жилийн Ногоон Картны сугалаа 2018 оны 10 сараас 2018 11 сарын 06-ны өдөр хүртэл явагдана.

Асуулт: Хэрэв би өөрийн биеэр зургаа скайнерт оруулж чадахгүй бол АНУ-д буй хүн миний өмнөөс зургийг скайнерт оруулж, хадгалаад буцааж надруу илгээснээр би сугалаанд тухайн зургийг оруулж болох уу?

Болно. Хэрэв тухайн зураг сугалаанд оруулах техникийн шаардлагыг бүрэн хангаж буй нөхцөлд болно.

Асуулт: Сугалааг дуусгалгүй хадгалаад, дараа дахин үргэлжлүүлж болох уу?

Болохгүй. Сугалааны бүх өгөгдлийг зөвхөн нэг дор бүрэн оруулах шаардлагатай. Гэхдээ сүлжээний саатлаар түр салсан бол 60 минутын дотор үргэлжлүүлж болохоор хугацааг заасан байгаа. 60 минутаас дээш хугацаагаар тасалдсан бол бүх мэдээлэл хүчин төгөлдөр бус болох тул сугалааг бөглөхөөс өмнө бэлтгэл сайтар базаасан байх шаардлагатай.

Асуулт: Хэрэв оруулсан зураг техникийн шаардлага хангаагүйгээс систем сугалааны өгөгдлийг хүлээн аваагүй бол сугалааг дахин бөглөж болох уу?

Болно. Зураг шаардлага хангаагүйгээс систем автоматаар алдаа заасан бол таны сугалааны өгөгдлийг хүлээн аваагүй байна гэсэн үг. Тийм учраас зургаа зохих зааврын дагуу бэлдсэний дараа сугалааг дахин бөглөж болно. Сугалааг хүлээн авлаа гэсэн Бүртгэлийн дугаар аваагүй л бол сугалааг дахин эхлүүлж болно.

Асуулт: Би сугалаанд хожсон гэсэн захиа хүлээж авсан нөхцөлд уг захиа үнэн бодит гэдгийг хэрхэн шалгаж мэдэх вэ?

Сугалаа бөглөсний дараа гардаг Сугалааг амжилттай хүлээн авлаа Бүртгэлийн дугаар (Confirmation Number) бүхий хуудсыг хэвлэн авч хадгалах шаардлагатай ба уг хуудас дээрх дугаараар өөрийн хожлыг шалгаж болно. Хэрэв уг хуудсыг үрэгдүүлсэн бол дахин олгогдохгүй.

Асуулт: Ногоон карт хожиж очсон хүмүүст Засгийн газраас байр, ажил олгодог гэж үнэн үү?

Хариулт: Үгүй. АНУ-ын Засгийн газраас ногоон карт хожсон хүмүүст АНУ-д байнга ажиллаж амьдрах эрхийг хугацаагүй шийтгэн олгодог (Паспортын адил 8-10 жил тутамд сунгаж шинэчилдэг). Харин ажил олж, амжиргаагаа залгуулах нь тухайн хүний үүрэг бөгөөд ийм чадамжтай байхыг ч шаарддаг. Тийм ч учраас ногоон карт сугалаанд оролцогч нь наад зах нь бүрэн дунд боловсролтой байх, эсвэл мэргэшлээрээ сүүлийн 5 жилд 2-3 жил тасралтгүй ажилласан байх гэсэн үндсэн шаардлага тавьдаг байна.
Хэдийгээр ногоон карттай иргэдэд төрөөс “бэлэн хоол” өгдөггүй ч байнгын оршин суух эрхтэй хүмүүс зээл тусламжид хамрагдах, төрийн урт хугацаатай сургалтын зээл, буцалтгүй тэтгэлэгт хамрагдах гэх мэт олон боломж дагалддаг байна.

Эдгээр асуулт хариултыг бид АНУ-ын албаны эх сурвалжаас авч тавьсан ба хуулийн дагуу бид утга санааны хувьд гуйвуулж засварлах боломжгүй. Албаны эх сурвалж ихэвчлэн ерөнхий олон нийтэд хандсан байдаг тул амьдрал дээр хэрэгжих ч юм бий, бас тэр бүр амьдралд хэрэгждэггүй заалт, шаардлагууд ч бий. Тэдгээрийн нэг нь Ногоон карт хожсон хүмүүст АНУ-ын Засгийн газар ямар нэгэн тэтгэмж олгохгүй гэсэн хариулт юм. Учир нь ихэнхи хүмүүс ногоон картаар ирсэн хүмүүст шууд ажил, байр өгдөг гэсэн ташаа ойлголт африк, азийн орнуудад маш их байдаг учир ийм няцаалт өгсөн байдаг. Гэвч АНУ-д хүүхэдтэй ирсэн ихэнхи гэр бүлүүдэд эхний ээлжинд төрөл бүрийн тэтгэлэг авдаг ба үүнд байр, хоолны хөнгөлөлт, хүүхдийн эрүүл мэндийн даатгал, зарим мужид мөнгөн тэтгэлэг гэх мэт багтана. Мөн ногоон картаар ирж буй хүмүүс хөрөнгийн баталгаа шаардах болон ах дүү нь АНУ-д байх шаардлага тавьдаггүй гэдгийг онцолж байна.

Жич: Хэрэв таны хайсан асуулт энд байхгүй бол дараах сэтгэгдэл хэсэгт асуултаа бичиж үлдээж боломжтой.

3 thoughts on “Асуулт хариулт”

  1. “АНУ-д ногоон картаар оршин сууц буй хүн эцэг эхдээ ногоон авахаар өргөдөл гаргаж болох уу?”

    Хариулт: Болохгүй. АНУ-ын Байнгын оршин суугч буюу ногоон карттай хүн зөвхөн өөрийн гэрлээгүй, 21-с доош насны хүүхэд юм уу эхнэр/ нөхөрт ногоон карт авахаар өргөдөл гаргах эрхтэй байдаг. Харин тухайн хүн АНУ-н иргэн болсон нөхцөлд өөрийн эцэг эхэд ногоон карт авах эрхтэй болно.

Leave a Reply